Өв соёл, түүний ай, төрлүүд


Бидний соёлын өв нь ганц биднийх биш нийт хүн төрөлхтнийх!

Хүн төрөлхтөн бүтээн бий болгосон үнэт зүйлс, соёлын өвөө хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн өгч байх нь хүн төрөлхтөн, улс үндэстэн оршин тогтнох, хөгжин дэвжих үндэс нь болдог байна. Нэгэн үндэстний бүтээсэн буюу эзэмшиж байдаг байгалийн болон соёлын өв нь нийт хүн төрөлхтний хувьд түгээмэл үнэ цэнэ, ач холбогдолтой байх нь олонтой. Ийм учраас түүнийг хадгалан хамгаалах явдал ганцхан тэр улс үндэстний хэрэг төдийгүй, дэлхийн нийт улс орон, хүмүүст бас хамааралтай байдаг.

Аль ч улс орон байгаль, соёлынхоо гайхамшигт өвүүдээ янз бүрийн шатны хамгаалалтад авч хадгалж хамгаалж байдаг жишгээр монгол улс ч соёлын үнэт дурсгалуудаа улсын болоод аймаг орон нутгийн түвшинд хамгаалж хадгалж байна.

Өвийн ай, төрлүүд

Үеэс үед уламжлан өвлүүлж байгаа үнэ цэнэт, дурсгалт зүйлийг өв гэж хэлж болно.

Өвийн ангилал

1. Соёлын биет өв

i) Соёлын үл хөдлөх өв:

  • Хүн амьдарч байсан оромж, отог бууц, агуй 
  • Тэдний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхрага 
  • Булш бунхан, хиргисүүр, тахилгын газар 
  • Хадны сүг зураг, бичээс 
  • Бүх төрлийн хөшөө дурсгал 
  • Эртний хот суурин, сүм хийд, уран барилга, тэдгээрийн туурь, үлдэц 
  • Археологийн дурсгал зэрэг орно.

ii) Соёлын хөдөлгөөнт өв:

  • Угсаатны холбогдолтой эд өлгийн зүйл 
  • Тоног төхөөрөмж, багаж зэмсэг 
  • Бичиг үсэг, дүрслэл, бичлэгийн арга хэрэгслэлээр баримтжин үлдсэн бичиг соёлын дурсгалууд 
  • Дүрслэх урлагийн бүтээлүүд зэрэг орно.

Эдгээр өвүүдийг зөөж, тээвэрлэж болох ба музей, номын сан, архив, үзэсгэлэнгийн танхим зэрэг тусгай зориулалтын байранд хадгалж хамгаалдаг.

2. Соёлын биет бус өв

2.1 Соёлын биет бус өв гэж юу вэ?
“Соёлын биет бус өв” гэдэг нь хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн ёс заншил, зан үйл, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон ур чадвар, тэдгээртэй холбоо бүхий зэмсэг, эд өлгийн зүйл, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ.

“Соёлын биет бус өв” гэдэг нь тухайн ард түмэн, үндэстний оюун санаагаар бүтэж, уламжлагдан ирсэн түүхэн тодорхой орон зайг төлөөлж чадах эх хэл, ардын мэдлэг, амьдрах арга ухаан, байгаль ертөнцийн тухай мэдлэг, хөдөлмөрийн зан үйл, наадам наргиа, ёс заншил, дуу хөгжим, уламжлалт гар урлал, түүний ур хийц, технологи зэрэг соёлын орон зайг хэлнэ.

“Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн 200З оны Конвенцид СББӨ-ийг дор дурдсан таван төрөлд ангилан тодорхойлжээ. Үүнд:

  1. Биет бус өвийг тээгч эх хэлийг оруулаад бүх л аман уламжлал болон түүнийг илэрхийлэх хэлбэрүүд; 
  2. Урлагийн тоглон үзүүлэх хэлбэр, илэрхийллүүд; 
  3. Заншил, зан үйл, баяр ёслол; 
  4. Байгаль болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншлууд; 
  5. Уламжлалт гар урлал; 
Монгол улс Соёлын биет бус өвийг анхлан Утга соёлын өв, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг Өвлөн тээгч хэмээн нэрлэж байсан ба 2010 онд Монгол улсын Төрийн хэлний зөвлөлөөс Соёлын биет бус өв, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж нэрлэх нь зүйтэй гэсэн чиглэлийн дагуу одоогийн нэршлийг хэрэглэж байна. 

2.2 Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж хэн бэ?
“Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч” гэж тухайн өвийг мэдлэг ухаан, ур чадвар, арга барилын хувьд язгуур шинж чанараар нь маш сайн, өндөр түвшинд өвлөн уламжилж, эзэмшсэн, мэдлэг бүхий хувь хүн, ах дүү, төрөл садан бүхий ард иргэдийг хэлнэ.

2.3 Монголчуудын соёлын биет бус өвүүд

2.3.1 Монгол улсад соёлын биет бус хэдэн өв бүртгэлтэй байдаг вэ?
Монгол улс нь Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн 2003 онд баталсан “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-ийн Соёлын биет бус өвийг олон улсын хэмжээнд хамгаалах зарчмын дагуу Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэл, Яаралтай хамгаалалтад авах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэл гэсэн 2 төрлийн бүртгэлийг хийж байна.

2013 оны байдлаар Монгол улсын биет бус соёлын өвийн төлөөллийн Үндэсний бүртгэлд 77 өв, Монгол улсын Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн үндэсний бүртгэлд 16 өвийг тус тус бүртгэж, жагсаалтанд оруулжээ.

СББӨ нь тухайн бүлэг, хамт олны өвөрмөц онцлог, дүр төрхийг илэрхийлэх нэрийн хуудас, таних тэмдэг болохын зэрэгцээ хүн төрөлхтний соёлын бүрэлдэхүүн хэсэг болох нь олонтаа.

“Монгол улсын соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн дөрөвдүгээр зүйлд ЮНЕСКО-ийн Конвенцийн 5 төрлийг үндэслэн соёлын биет бус өвд дор дурдсан төрлүүдийг дэлгэрүүлэн дурджээ.
  1. Эх хэл бичиг, түүний хүрээний соёл 
  2. Аман зохиол 
  3. Ардын уртын болон богино дуу, тууль, тэдгээрийг дуулах хайлах арга барил 
  4. Хөдөлмөр, зан үйлийн холбогдолтой уриа дуудлага 
  5. Хөөмий, исгэрээ, аман болон тагнай ташилт зэрэг өгүүлэхүйн эрхтний шүтэлцээт урлаг, тэдгээрийг илэрхийлэх арга барил 
  6. Үндэсний хөгжмийн зэмсгийг урлах, хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга барил 
  7. Ардын уламжлалт бүжиг, бий биелгээ 
  8. Уран нугаралт болон циркийн үзүүлбэрийг илэрхийлэх гоц авьяастны ур чадварын арга барил 
  9. Ардын гар урлалын дэг сургууль 
  10. Ардын ёс заншил, зан үйлийн уламжлал 
  11. Эрдэм ухааны уламжлал 
  12. Ардын бэлгэдэх ёсны уламжлал 
Монгол улсаас ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн өвүүд:
  1. Монгол Ардын Уртын Дуу (2008) 
  2. Морин Хуур Хөгжмийн Уламжлалт Урлаг (2008) 
  3. Монгол Баяр Наадам (2010) 
  4. Монголын Уламжлалт Хөөмэйн Урлаг (2010) 
  5. Шувуучлахуй (2012) 
  6. Монгол Гэрийн Уламжлалт Урлал, Зан Үйл (2013) 
  7. Монгол Шагайн Харваа (2014) 
  8. Ингэнд ботго авхуулах зан үйл (2015) 
Монгол улсаас ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн өвүүд:
  1. Монгол Тууль (2009) 
  2. Монгол Ардын Бүжиг: Бий Биелгээ (2009) 
  3. Монгол Цуур Хөгжмийн Уламжлалт Урлаг (2009) 
  4. Монгол Лимбэчдийн Уртын Дуу Хөгжимдөх Уламжлалт Арга Барил – Битүү Амьсгаа (2011) 
  5. Монгол Уран Бичлэг (2013) 
  6. Уул овоо тахих монгол зан үйл (2017)