“Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Монгол түмний Аян зохион байгуулах тухай Уриалга


Хүмүүн байгаль хоёр амь нэгтэй болой. Аливаа угсаатны бүлэг, ураг удам нь аж төрөн амьдарч ирсэн газар нутаг, уул ус, ургамал, амьтантай хүйн холбоотой байж, түүндээ үндэслэсэн өвөрмөц өв соёлоо бүтээж, хайрлан хамгаалж, хойч үедээ өвлөн уламжилж ирсэн байдаг нь жам ажээ.

Монголын ард түмэн түүхэндээ соёлын биет болон биет бус өвийн арвин баялаг санг бүтээн өвлөн уламжилж ирсэн билээ. Түүний дотор “Уул овоо тахих монгол зан үйл” онцгой үнэ цэнтэй. Байгаль, экологийн хямрал нүүрлэж буй өнөө үед уул усаа хайрлан, тахин шүтэх ёс заншил, өв соёлын үнэ цэн дэлхий дахинаа улам бүр өсөн нэмэгдэж байна.

Гэхдээ өнгөрсөн ХХ зуунд тэр үнэ цэнтэй өв уламжлалыг Монгол улсад шашны, эсвэл “хуучны”, “хоцрогдсон” гэж үзэж үгүйсгэн, зарим үед хориглосноос мартагдахад ойрхон очсон юм. Үүний дээр тахилга шүтлэгтэй ариун дагшин газар нутгаа ухан сэндийлэх, түүх соёлын үнэт дурсгалуудыг тонож дээрэмдэх, эвдэлж сүйтгэх зэрэг бусармаг үйлдэл газар авч байгаа нь эмгэнэл юм. Иймээс тэрхүү үнэт өв уламжлалыг шинэ нөхцөл байдалд сэргээн тэтгэж хөгжүүлэх явдал монголчууд бидний өмнө тулгарч байгаа билээ.

Дээрх учир шалтгаанаас үүдэн Монгол улс “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг “Соёлын биет бус өвийг хамгаалан дэмжих тухай” ЮНЕСКОийн 2003 оны Конвенцийн “Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн Дэлхийн Жагсаалт”-д бүртгүүлэхээр 2015 онд нэрийг дэвшүүлж баримтыг бүрдүүлэн энэ Конвенцийн Засгийн газар хоорондын Хороонд хүргүүлсэн билээ. ЮНЕСКО-ийн энэ Хороо Монгол улсын хүсэлт, материалыг 2017 онд БНСУ-ын Чежу аралд болсон хурлаараа хэлэлцэн “Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн Дэлхийн Жагсаалт”-д бүртгэн авч, уг өвийг сэргээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Уул ус тахих монгол ёс заншил, зан үйлийг сэргээн тэтгэх замаар тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт төслийг Монгол улсад 2018-2021 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болно. Үүний хамт ЮНЕСКО-ийн 1972 оны Дэлхийн өвийн Конвенцийн Дэлхийн өвийн хороо Монгол улсын “Их Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт газар нутаг”-ийг дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнтэй гэж үзэж, 2015 онд дэлхийн өвд бүртгэн авч, хүн төрөлхтний хойч үед өвлөн уламжлах ёстой соёлын өв гэж тунхаглан зарласан юм.

ЮНЕСКО-ийн батламжит төрийн бус байгууллага болох ‘Байгаль, соёлын өвийг хамгаалах сан’ дээрх төслийг санаачлан боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж байна. Тус Сан төслийг хэрэгжүүлэхдээ БСШУСЯ, БОАЖЯ-ны бүх талын дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг - Соёл, урлагийн газар, Соёлын өвийн Үндэсний төв, Ураг удам, уламжлалын холбоо ТББ болон бусад ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгаа билээ.

Төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” монгол түмний Аян өрнүүлэхээр зохион байгуулах Хороо шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Соёлын өвийн Анхдугаар Зөвлөгөөн 2018 оны 10-р сарын 17-18-нд Улаанбаатар хотод болсон бөгөөд Зөвлөгөөний үеэр “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Аянг орон даяар зохион байгуулах “ЭХ НУТАГ, ӨВ СОЁЛ МИНУ” МОНГОЛ ТҮМНИЙ АЯН (2019-2021) 6 Уриалга гарч, түүнийг Зөвлөгөөний бүх оролцогчид гарын үсгээ зурж халуунаар дэмжсэн юм.

Бидний өвөг дээдэс хэдэн мянган жилээр аж төрөн амьдарч, амиараа хамгаалж, өвлөн уламжилж өнөөгийн бидэнд хүргэсэн эх нутаг, ураг удам, өв соёл бол айл өрх, удам угшил, улс үндэстэн оршин байж, хөгжин бадарч явах үндэс язгуур билээ.

Учир иймээс нэг ураг удмынхан, нэг нутаг усныхан ургийн бичгээ хөтөлж, ясан болон цусан төрлөө мэдэлцэж, уулзан учирч, шүтээн газар нутгаа, өв соёлоо тахин шүтэж, хамгаалж тэтгэн хөгжүүлж байх нь юуны өмнө удмаа цэвэр ариун байлгаж, эрүүл саруул амьдарч бүтээх, улмаар Монгол улсынхаа тусгаар тогтнол, дархан байдлыг бататган бөхлөхөд юугаар ч орлуулашгүй үнэ цэн, ач тустай бөлгөө. Монгол түмний энэ Аянд монгол хүн бүр чин сэтгэлээс идэвхтэй оролцож эх нутаг, өв соёлоо хамгаалан хөгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ЮНЕСКО-ийн Үндэсний Элч, Доктор, Профессор Баян Шаарав овогт Норовын Уртнасан