Монголчуудын нүүдлийн соёлын нэг гайхамшигт өв болох “Уул ус тахих монгол зан үйл”-ийг ЮНЕСКО-ийн Дэлхийн Өвийн Хороо дэмжиж Дэлхийд түгээх ёстой үнэт зүйл гэж үзэн Дэлхийн яаралтай хамгаалах Өвийн Жагсаалтад бүртгэн авч сэргээн хөгжүүлэх талаар зүйл бүрээр дэмжлэг үзүүлж байгаа билээ.
ЮНЕСКО-ийн батламжит “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” ТББ-аас санаачлан БСШУЯ, БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Соёл, Урлагийн Газар, Соёлын Өвийн Үндэсний Төв, Ураг Удам Улам-жлалын Холбоо (УУУХ) ТББ-тай хамтран “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Монгол түмний аянг 2019-2021 онд орон даяар өрнүүлж, “Тахилга шүтлэгт газар нутгийн улсын бүртгэл мэдээллийн сан” байгуулах, “Ураг удам, нутаг усныхаа тахилга шүтлэгт газруудаа эрхэмлэн дээдэлье” сэдэвт уул ус тахих зан үйлээ үлгэр жишээ, уламжлал ёсоор үйлдэх тэргүүн туршлагын уралдаан зарлан дүгнэх (2019-2021 оны 5-р сар) зэрэг дорвитой, үр бүтээлтэй ажил хийж байгаа билээ.
Гэтэл 2020 оны эхнээс “Цар тахал-2019” дэгдэж Дэлхийн олон улс орон, мөн Монгол улсад хөл хорио тогтоож, олон түмнийг хамарсан соёл, боловсрол, спортын болон соён гэгээрүүлэх сайн сайхан ажил, арга хэмжээ, түүний дотор уул усаа ураг удмаараа, нутаг усаараа нийлэн тахин хүндэтгэдэг уламжлалт зан үйлээ зохион байгуулж, хүмүүсийн оюун санаа, мэдлэг ухамсар, сэтгэл санааг хөхүүлэн баяжуулж, утга учиртай аз жаргалтай амьдарч, хөдөлмөрлөхийг нь тэтгэн дэмжих орон зай, боломж хумигдаж байна.
Ийнхүү бие биедээ ойр байж, хамт олон, бүх нийтээр цуглаж болохгүй учир ураг удам, угсаатны бүлэг, үндэстний сайн сайхан ёс заншлыг хадгалан уламжлан дамжуулж байдаг соёлын биет бус өвийн төрөл бүрийн илэрхийлэл, зан үйл, баяр ёслол, ардын уран бүтээлийн Их Наадам, үзэсгэлэн, цуглаан, уулзалт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжгүй болж байгаа нь нэн харамсалтай.
Гэхдээ бие биенээсээ зай барих шаардлага нь сэтгэл зүрхээрээ, хайр халамжаараа холдох гэсэн үг биш бөгөөд харин ч эвлэлдэн нэгдэж бие биенээ ойлгон хүндэтгэж, бүхий л аргаар эв санаагаа, хайр хүндэтгэлээ илэрхийлж байх нь хүмүүний ёс ажгуу.
Ийм хүнд бөгөөд өнөө цагийн нөхцөл байдалд нүүдлийн соёл иргэншилт монголчууд бидний хувьд Монгол үндэстний соёлын үнэт уламжлалд түшиглэн цар тахлаас сэргийлж, ажил амьдралаа хэвийн явуулахад тустай олон арга хэлбэр байгааг ашиглах нь үр үр ашгаа өгөх нь дамжиггүй.
Жишээ нь, хөдөөгийн малчин түмэн орчин цагийн мэдээллийн хэрэгслэлээр мэдлэг мэдээлэл авахын хамт мал маллах уламжлалт аргаа улам бүр батжуулж, олон хүн оролцуулахгүйгээр өрх гэр, айл хотлоороо мал сүргээ хариулж, ашиг шимийг нь авдаг, тариаланчид мод, цэцэг, тариа ногоо тарьдаг уламжлалаа улам бүр хөгжүүлэн дэлгэрүүлж байгаа нь үнэхээр бахархууштай. Уламжлалт ажил хөдөлмөрийнхөө хажуугаар, өрх гэртээ үр хүүхдээ ажил хөдөлмөрөөр үлгэрлэн хүмүүжүүлэх, орой үдэш, ажлын завсар зайгаар уламжлалт тоглоом наадгай хөгжөөх, тэрчлэн арьс шир, эсгий, ноос, мод, чулуугаар элдэв эд хэрэглэл, гоёл чимэглэл, хувцас хунар хийж, гар урлал хөгжүүлэх, ургийн бичгээ хөтлөх, ураг удмын түүх, шүтээн газар нутгийн утга учрыг судалж баяжуулах, төрөл бүрийн уралдаан, тэмцээн, шалгаруулалтад цахим хэлбэрээр болон цаасан баримт бичгээр дамжуулан идэвхтэй оролцох зэргээр ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх бүрэн боломжтой билээ.
Энэ нь зөвхөн малчин ард түмэнд хамаараад зогсохгүй төв суурин, хот газрын ард иргэд, гэр бүлүүдэд ч илүү хамаатай. Яагаад гэвэл тэд ийм төрлийн ажил үйлс явуулахад хөдөөгийн малчдаас илүү таатай боломжтой нөцөлд, тухайлбал тэд орчин үеийн мэдээлэл харилцааны бүхий л хэрэгсэл, хөдөлмөр, бүтээл туурвих багаж хэрэгсэл, түүхий эдээр бүрэн хангагдсан байгаа. Иймээс манай иргэд, гэр бүлүүд, ажилтан албан хаагчид алба, аминыхаа ажилд мэдээлэл харилцааны шинэ технологийг үр бүтээлтэй ашиглан, ажил хөдөлмөр, амьдралаа аль болох хэвийн явуулах, үндэснийхээ өв соёлыг хөгжүүлэх боломж их байгаа билээ.
Энэ дашрамд, “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Монгол түмний аянг идэвхтэй өрнүүлэх тухайд хэдэн зүйл хэлье.
Нэгэн зүйл. Хэдийгээр “Цар тахал-2019” манай оронд тархах өндөр эрсдэлтэй бөгөөд олны хөл хорьсон энэ үед ч соёлын өвөө эрэхмлэн дээдэлдэг, эх нутгаа хайрладаг хүмүүст “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Монгол түмний аянд оролцон, гэр орондоо, халуун бүлээрээ тахилгат уул усаа хайрлан хүндэтгэж, ажил хөдөлмөрөө өрнүүлэхэд юу ч саад болохгүй билээ. Харин ч соёлын төвийн ажилтнууд, ураг удмын идэвхтнүүд, тахилга шүтлэгт газар нутгаа хайрлан хамгаалагч нарт бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэхэд болон тэргүүн туршлагын уралдаанд баримт бичиг, цахим хэлбэрээр дамжуулан идэвхитэй оролцох, байгаль соёлын өвөө судалж, сурталчлах, түгээн алдаршуулах өргөн боломж олгож байгаа болно.
Нэгэн зүйл. Сэтгэл санаагаа тайван байлгаж, өөрийн биеийн дархлааг дэмжин тэтгэх талаар санаа тавьж, гэр бүлээрээ биеэ тэнхрүүлж, хүч тамир сэлбэдэг уламжлалт хоол, ундаа, ардын уламжлалт эм танг жорын дагуу зүй ёсоор хэрэглэх, бие сэтгэлээ тэтгэх дасгал хөдөлгөөн тогтмол хийж зуршил болгох зэрэгт цаг заваа зориулах боломж илүү гарч байна.
Нэгэн зүйл. Энэ аян 2019 оны Х сараас эхлэн үргэлжлэн явж байгаа билээ. Үндэсний Семинар, Уулзалт хийж, Аянг ёслол төгөлдөр эхлүүлсэн. 2019 оны XI, XII сард бүх сумын соёлын ажилтан, ураг удмын тахилгат газрын төлөөллийг оролцуулан аймаг бүрт сургалт явуулсан билээ. Сургалтын дунд өнөөдөр сум бүрт уг аянг зохион байгуулах хариуцсан ажилтан төлөөлөл бий болсон ба сумын соёлын төвтэй хамтран байгаль, соёлын өв сангаа хамгаалах, судлах, сурталчлахын хамт тухайн суманд байгаа тахилга шүтлэгт газар нутгийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх юм.
Нэгэн зүйл. Тахилга шүтлэгт газар нутгийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэхэд Тусгай Маягт гаргасан ба уг маягтыг бөглөж хөтлөх замаар Тахилга шүтлэгт газрын тодорхойлолтыг гаргаж, сумын соёлын төвийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж, аймаг, Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд оруулах юм.
Нэгэн зүйл. Тахилга шүтлэгт газар нутгийн тодорхойлолтыг гаргахдаа сум, баг дахь тахилга шүтлэгийн зан үйл эрхэлдэг хүмүүс болон ураг удмын, нутаг усны ахмад хүмүүс, нутгийн сүм хийдийн лам нарын дэмжлэгийг авах нь зүйтэй. Ураг удам, Уламжлалын Холбоо (УУУХ)-ны суман дахь төлөөлөл бүх талаар дэмжлэг үзүүлэх болно.
Нэгэн зүйл. Ийнхүү Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан бий болсноор Монгол улс дахь тахилга шүтлэгт газрын жагсаалт гарч тэдгээрийг хадгалж хамгаалах нэгдсэн сүлжээ бий болж, аливаа газар ашиглалтын зөвшөөрөл олгох тохиолдолд зөвшөөрөл олгогч эрх мэдэлтэн уг сүлжээн дэх мэдээллийг шийдвэр гаргахдаа харгалзан үзэх бүрэн боломжтой болно.
Нэгэн зүйл. “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Монгол түмний аяны хүрээнд 2019 оны Х сараас 2021 оны VI сарын 1 хүртэлх хугацаанд “Ураг удам, нутаг усныхаа тахилга шүтлэгт газруудаа эхрэмлэн дээдэлье” сэдэвт тэргүүн туршлагын уралдаан зарласан бөгөөд 2021 оны VI сард дүгнэж байр эзэлсэн ураг удмынхныг алдаршуулж шагнаж урамшуулах болно. Иймээс ураг удам, нутаг усныхаа шүтээн газар нутгаа хамгаалах, зан үйлээ хийх, сурталчлан алдаршуулах талаар болзолд заасан ажлуудыг хийж, одооноос бэлтгэн уралдаанд өргөнөөр оролцохыг уриалж байна.
Нэгэн зүйл. “Цар тахал-2019”-ын аюулын эсрэг хүн бүр хичээн, эвлэлдэн нэгдэж эх нутаг, үндэснйихээ үнэт өв соёл, ёс заншилд түшиглэн мэргэжлийн байгууллагын Зөвлөмжийг мөрдөн тууштай тэмцэж даван туулж энгийн бөгөөд эрх чөлөөт амьдралаа үргэлжлүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
ЮНЕСКО-ийн батламжит ТББ – Байгаль, соёлын өвийг хамгаалах сан
Соёлын Өвийн Үндэсний Төв
2020 оны 5-р сарын 5