
Монголын ард түмэн байгаль, соёлын арвин баялаг өвийг бүтээж үеэс үед өвлөн уламжилж ирсэн түүхтэй. Түүний дотор “Уул ус тахих монгол ёс заншил, зан үйл” нь гайхамшигтай баялаг бөгөөд онцгой үнэ цэнэтэйг дурдаад 2019 оны 10-р сарын 17-18-нд Соёлын өвийн Анхдугаар Зөвлөлгөөний бүх оролцогчдоос “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Монгол түмний Аян өрнүүлэх Уриалга гарган дэмжиж гарын үсгээ зурсан билээ.
Энэ уриалгыг монголын олон нийт, ТББ-ууд халуунаар дэмжиж, төрийн байгууллагууд хамтран бүх нийтийн Аян болгохоор эрмэлзэн ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай улсын аймаг, хот бүрийн төлөөлөгчид, соёлын өвийг хадгалж хамгаалахад гарамгай үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн судлаачид, өвлөн уламжлагчид, хүүхэд залуучууд болон эх нутаг, өв соёлоо гэсэн сэтгэл тээсэн хүмүүс Монгол улсын Соёл, урлагийн их сургуулийн Оюутны театрт хуран цуглаж “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Монгол түмний аяныг албан ёсоор ёслол төгөлдөр эхлүүлжээ.
Монгол түмний аяныг эхлүүлэх үйл ажиллагааг МУСГЗ, ЮНЕСКО-гийн Үндэсний элч, Байгаль, соёлын өвийг хамгаалах сангийн тэргүүн, доктор Н.Уртнасан нээж үг хэлэхдээ “Соёлын биет бус өвийг хамгаалан дэмжих тухай” ЮНЕСКО-ийн 2003 оны Конвенцийн Засгийн газар хоорондын Хороо нь Монгол улсаас 2015 онд нэр дэвшүүлсэн “Уул овоо тахих Монгол зан үйл”-ийн номинацийн материалыг 2017 онд БНСУ-ын Чежү аралд болсон хурлаараа хэлэлцэн “Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн Дэлхийн жагсаалт”-д бүртгэн авч, уг өвийг сэргээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Уул ус тахих Монгол ёс заншил, зан үйлийг сэргээн тэтгэх замаар тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт төслийг Монгол улсад 2019-2021 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв. Түүнчлэн, ЮНЕСКО-ийн 1972 оны Дэлхийн өвийн Конвенцийн Дэлхийн өвийн хороо Монгол улсын “Их Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт газар нутаг” нь дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнтэй гэж үзэж, 2015 онд дэлхийн өвд бүртгэн авч, хүн төрөлхтний хойч үед өвлөн уламжлах ёстой соёлын өв гэж тунхаглан зарласан тухай тэрээр онцлон тэмдэглэв.
Монгол түмний Аяныг ЮНЕСКО-ийн батламжит ТББ - “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” дээрх төслийн хүрээнд санаачлан, БСШУСЯ, БОАЖЯ-ны бүх талын дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг - Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Ураг удам, уламжлалын холбоо болон бусад ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол түмний Аяны нээлтийн арга хэмжээг Соёлын өвийн үндэсний төвийн захирал Доктор Г.Энхбат хөтлөн явуулж арга хэмжээнд оролцогч Монгол түмний их өв, соёлыг өвлөн уламжилж яваа эрхмүүдийн төлөөлөл, соёлын өвийн судлаач эрдэмтэд, соёлын өвийг авран хамгаалж байдаг улс, аймаг, орон нутгийн удирдлага, түшмэдүүдэд хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэв.
Монгол түмний Аяныг эхлүүлэх үйл ажиллагаанд Монголын өв, соёлыг хойч үед өвлөн уламжилж түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилсан билэг авьяастны улсын жагсаалтанд бүртгэгдсэн алдарт эрхмүүдийн төлөөлөл болох бий биелээч Г.Баяртай, хөөмэйч Б.Одсүрэн, уран бичээч, зураач, каллиграфч Д.Батбаяр, уран хатгамалч З.Цэнгэлсайхан, цуурч Н.Буяндэлгэр, уртын дуучин Д.Түвшинжаргал, туульч, цуурч, хөөмэйч, экилч Э.Баатаржав, туульч А.Балдандорж, мөн соёлын биет бус өвийг авран хамгаалах, судлан шинжлэх, сурталчлан алдаршуулахад гарамгай хувь нэмэр оруулсан соёл судлаач Г.Гонгоржав, С.Юндэнбат нарын эрхэм хүмүүс хүрэлцэн ирж Аяны гарааг мялааж, айлтгал ерөөлөө хайрлав.
Аяны нээлтийн арга хэмжээний үеэр уг Аянд зориулан гаргасан “Эх нутаг, өв соёл мину” (Монгол түмний Аян. 2019-2021) номыг аймаг, хотоос ирсэн төлөөлөгчид, хүүхэд залуучуудын төлөөлөл, соёл, соёлын өвийн байгууллагуудын төлөөлөгчдөд зохион байгуулагчдын зүгээс хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.
Бидний өвөг дээдэс хэдэн мянган жилээр аж төрөн амьдарч, амиараа хамгаалж, өвлөн уламжилж өнөөгийн бидэнд хүргэсэн эх нутаг, ураг удам, өв соёл бол айл өрх, удам угшил, улс үндэстэн оршин байж, хөгжин бадарч явах үндэс язгуур билээ. Учир иймээс нэг ураг удмынхан, нэг нутаг усныхан ургийн бичгээ хөгөлж, ясан болон цусан төрлөө мэдэлцэж, уулзан учирч, шүтээн газар нутгаа, өв соёлоо тахин шүтэж, хамгаалж тэтгэн хөгжүүлж байх нь юуны өмнө удмаа цэвэр ариун байлгаж, эрүүл саруул амьдарч бүтээх, улмаар Монгол улсынхаа тусгаар тогтнол, дархан байдлыг бататган бөхлөхөд юугаар ч орлуулашгүй үнэ цэнэ, ач тустай бөлгөө. Монгол түмний энэ Аянд монгол хүн бүрийг нэгдэн чин сэтгэлээс идэвхтэй оролцож эх нутаг, өв соёлоо хамгаалан хөгжүүлцгээе хэмээн уриалан дуудаж байна.
Монгол түмний Аяны замыг мялааж, Монгол улсын Соёл, Урлагийн Их Сургуулийн оюутнууд ая дуугаа өргөснөөр нээлтйин арга хэмжээг өндөрлүүлэв.