Испан улсын нийслэл Мадрид хотноо 2008 оны 2-р сарын 4-8-ны өдрүүдэд Дэлхийн Шим мандлын нөөц газрын 3-р их хурал болон “Хүн ба Шим мандал” хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 20-р чуулганд оролцохоор хуран чуулсан ЮНЕСКО-гийн гишүүн улсууд, шим мандлын нөөц газрын гишүүн орнууд, хамтран ажиллагч төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөгчид бид:
Биологийн төрөл зүйл устаж үгүй болж байгаа, цаг уурын болон хүн ам зүйн бодлогын өөрчлөлт, даяарчлалын үйл явцад өртөгдөж байгаа байгаль, хүрээлэн буй орчны хамгаалал болон нийгэм, эдийн засаг, техник технологи, шинжлэх ухааны хөгжлийн тэнцвэрийг хадгалах нэн шаардлагатай байгаад санаа зовнин;
Засгийн газар хоорондын болон шинжлэх ухааны салбар хоорондын урт хугацааны хөтөлбөр болох “Хүн ба Шим мандал” хөтөлбөр ЮНЕСКО-гийн Ерөнхий Бага хурлын 16-р чуулган /1970/ -аар эхэлснийг, мөн түүнээс хойш МАВ нь судалгаа, сургалт, хяналт шалгалт, боловсролын үйл ажиллагаа болон туршилтын төслүүдээ, нэг талаас байгаль орчин, биологийн төрөл зүйлийг хамгаалах хүмүүсийн үүрэг хариуцлага, нөгөө талаас хүн ардынхаа нийгэм, эдийн засгийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд байгалийн нөөц баялгийг ашиглах хүмүүсийн хэрэгцээ шаардлагын тэнцвэр тохироог судлахад чиглүүлж ирснийг эргэн сануулж;
МАВ-ын хөтөлбөрийн хүрээнд 1976 онд гарч ирсэн шим мандлын нөөц газрын тухай үзэл баримтлал (концепц) нь анх гарч ирсэн тэр цагаасаа хойш шим мандлын нөөц газруудыг олж тогтооход үр дүнгээ өгч, одоогийн байдлаар 105 оронд 531 тийм газар бүртгэгдээд байгаа бөгөөд байгаль орчин, биологийн төрөл зүйлийг хамгаалах болон тухайн газар нутаг, түүний хүн ардын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хоорондын тэнцвэрт байдалд хүрэх, түүнийг хадгалахын төлөө хүчин чармайлт гаргах, түүнээс суралцах явдалд чиглэгдэж ирснийг хүлээн зөвшөөрч;
Олон хамтран зүтгэгч, түншүүдэд Шим мандлын нөөц газрын чухал бүрэлдэхүүн хэсэг байх боломжийг олгох оролцооны болон сайн менежментийн бодлогыг сайшаан талархаж;
МАВ-ын хүрээнд бий болсон Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээ /WNBR/ нь байгаль орчин, биологийн төрөл зүйлийг хамгаалах болон хүмүүсийн нийгэм-эдийн засгийн сайн сайхан байдлыг хангах хоёрын хооронд харилцан ашигтай өвөрмөц харилцаа холбоо тогтоож хадгалах явдалд чиглэсэн тогтвортой хөгжлийн зарчим, практик үйл ажиллагааг хэрэгжүүлэх туршилтын газар болгон ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын сонгож авсан газруудаар Дэлхий нийтийн сүлжээ байгуулж байгааг хүлээн зөвшөөрч;
Шим мандлын нөөц газрын анх дугаар/Минск 1983/, хоёрдугаар/Севилл 1995/ Их хурлуудын үеийн дэлхий нийтийн хяналт үнэлгээний тайлан болон туршлага солилцох, сургамж авах зөвлөгөөний дүнд Шим мандлын нөөц газрын тухай ойлголт, түүнийг хэрэглэх тухай асуудал улам тодорхой болж, тэрээр орон нутгийн болон бүс нутгийн түвшинд ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой болох нь улам бүр нотлогдсоор байгааг харгалзан үзэж;
Шим мандлын нөөц газрыг хамгаалах зорилтуудын дагуу урт хугацааны хамгаалалтад албан ёсоор авсан гол газар нутгууд, тэдгээрийн эдгээр зорилтыг хангахуйц хангалттай хэмжээг тогтоохын чухлыг тоймлон гаргасан Севиллийн стратегийн хууль эрх зүйн үндэслэлийг дурьдаад;
1995 онд ЮНЕСКО-гоос баталсан Дэлхийн Шим мандлын нөөц газруудын сүлжээний хууль ёсны үндэслэл, Севиллийн стратегийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэх зорилгоор Испаны Мадрид хотноо хуралдаж байгаа МАВ-ын Олон улсын зохицуулах зөвлөлийн 20-р чуулган, Шим мандлын нөөц газрын Дэлхийн 3-р Их хурлыг/2008оны 2-р сар/ зохион байгуулж байгаад болон, ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал” хөтөлбөрийн хүрээний Шим мандлын нөөц газруудыг байнга дэмжиж байдагт Испаны Засгийн газрын Байгаль орчны яаманд талархлаа илэрхийлж;
Шинэ тутам гарч ирж буй шалгалт сорилтын үед, тогтвортой хөгжилд МАВ болон Шим мандлын нөөц газруудын ач холбогдол, хувь нэмрийг дэмжин бэхжүүлэх, Тогтвортой хөгжлийн боловсролын НҮБ-ын 10 жил/UNDESD,2005- 2014/-ийн хугацаанд баримтжуулах, түгээн дэлгэрүүлэх, сургамж зөвлөгөөнөөс суралцах шаардлагатай байгааг итгүүлэн ойлгуулж;
- Тогтвортой хөгжил болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн боловсрол-ын хүрээнд туршлага солилцох, сургамж авах зөвлөгөөнөөс суралцах талбар болсон Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээ ба холбогдох бүс, дэд бүсийн болон үндэсний сүлжээнүүдийг дэмжих үүднээс шим мандлын нөөц газрыг зүй зохистой ашиглах явдлыг ЮНЕСКО, түүний гишүүн улсууд, Нарийн бичгийн дарга нарын газарт уламжлан хүсэх;
- Хараахан бий болоогүй байгаа МАВ-ын Үндэсний Хороодыг байгуулан ажиллуулахад ЮНЕСКО-гийн гишүүн улсуудыг дэмжих;
- Севиллийн стратегийн хэрэгжилтийн явцыг хянан үзэж, бүх түвшинд тогтвортой хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд түүний холбоо хамаарлыг улам нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн, бүс нутгийн, үндэсний болон орон нутгийн хүрээнд МАВ-ын хөтөлбөрийн ажлын арга барилыг сайжруулах талаар зөвлөмж гаргахыг Нарийн бичгийн дарга нарын газарт үүрэг болгох;
- Шим мандлын нөөц газруудыг, биологийн төрөл зүйл, цөлжилттэй тэмцэх, цаг уурын өөрчлөлтийн тухай зэрэг Конвенцуудаар Оролцогч талуудын хүлээсэн үүрэг гэх мэт Мянганы хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын бусад зорилтуудыг хэрэгжүүлэх явцад олсон ололт амжилтаа сурталчлан үзүүлэх, дэмжих газар болгон ашиглах боломжийг гишүүн улсуудад олгох зорилгоор тохиромжтой арга хандлагуудыг идэвхийлэн олж мөрдөх, НҮБ-ын системийн дотор, ялангуяа, UNDP болон UNEPтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг ЮНЕСКО-д уриалах;
- Шим мандлын нөөц газрууд, МАВ-ын хөтөлбөр, тэрчлэн бүс нутгийн сүлжээнүүдийг бэхжүүлэх, Мадридын үйл ажиллагааны төлөвлөгөөг дэмжих зорилгоор тогтвортой санхүүжилтээр хангах шинэлэгмеханизмыг бий болгохыг ЮНЕСКО болон олон улсын сангуудад уриалах;
- Уламжлалт мэдлэг, соёлын төрөл зүйл мартагдан үгүй болох, хүн ам зүйн бодлого алдагдах, тариалангийн газаргүй болох, цаг уурын өөрчлөлт, биологийн төрөл зүйл устаж цөөрөх, тогтвортой хөгжил зэрэг шинэ тутам тулгарч буй аюул, сорилтуудыг даван туулах, мөн, ялангуяа, цаг уурын өөрчлөлтийг зөөлрүүлэх, түүнд дасан зохицох, хот хөдөөгийн тогтвортой ирээдүйн төлөө сэргээгдэх эрчим хүчийг дээд зэргээр ашиглах явдлыг дэмжих, хүн ардын сайн сайхны төлөөх тогтвортой хөгжилд экосистемийн үйлчилгээ, бараа бүтээгдхүүнийг шинээр бий болгоход чиглэгдсэн шим мандлын нөөц газруудын үйл ажиллагааны боломжийг бүрдүүлэх;
- Засгийн Газрын бүхий л түвшинд, хувийн сектор, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, иргэний нийгмийн байгууллага, уугуул нутгийн ба орон нутгийн бүлэг, хамт олон, судалгаа, хяналт шалгалт, боловсролын төвүүд болон 2008-2013 оны Мадридын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх бусад ийм байгууллагуудын дотор хамтран ажиллах замаар шим мандлын нөөц газрууд дээр үр дүнтэй түншлэлийг хөгжүүлэх;
- МАВ-ын хөтөлбөр болон ЮНЕСКО-гийн засгийн газар хоорондын шинжлэх ухааны бусад хөтөлбөр, Дэлхийн өвийн Конвенцуудын хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих;
- МАВ болон Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээг, хүн ба шим мандлын харилцан ашигтай уялдаа холбоо, динамикийг хайж олох зорилго чиглэл бүхий үйл ажиллагаа, орон нутгийн чанартай асуудлыг шийдвэрлэх шинэлэг санаа сэдэл гаргах, хүмүүсийг татан оролцуулах дэлхийн, бүс нутгийн, үндэсний хэмжээний талбар гэж үзэн дэмжихийг тус тус уриалж байна.