“Соёлын болон биологийн төрөл зүйлийг хамгаалах нь: Байгалийн тахилгат газрууд болон соёлын дурсгалт газруудын үүрэг, ач холбогдол” олон улсын симпозиум


Япон улс. Токио. 2005 оны 5-р сарын 30- 6-р сарын 2

Биологийн болон соёлын олон төрөл зүйлийг хамгаалахад тахилгат газар нутгууд болон соёлын дурсгалт газруудын үүрэг, ач холбогдлын тухай Тунхаглал

2005 оны 5-р сарын 30-наас 6-р сарын 2-ны өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хот дахь НҮБ-ын Их сургуулийн төвд чуулсан “Соёлын болон биологийн төрөл зүйлийг хамгаалах нь: байгалийн тахилгат газрууд болон соёлын дурсгалт газруудын үүрэг, ач холбогдол” олон улсын симпозиумд оролцогчид бид:

НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан соёлын байгууллага /ЮНЕСКО/, НҮБ-ын Их сургууль/UNU/, Дэлхийн байгаль хамгаалах холбоо/IUCN/, Биологийн төрөл зүйлийг хамгаалах тухай НҮБ-ын Конвенци/CBD/, Уугуул нутгийн асуудлаархи НҮБ-ын байнгын форум/UNPFII/, НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллага /FAO/ байгаль соёлын харилцан уялдаа холбооны асуудлаар чуулга уулзалт зохион байгуулж байгаа явдалд, ялангуяа энэхүү уулзалтыг өөр дээрээ хүлээн авч зохион байгуулж байгаа НҮБ-ын Их сургууль, түүний хамт олонд гүнээ талархаж байгаагаа илэрхийлж;

Энэхүү Симпозиум нь Эйчи-д зохиогдож байгаа Дэлхийн Ехро-2005 үзэсгэлэнгийн үеэр тохиож байгаа болон Японы Засгийн газар, Японы Соёлын хэрэг эрхлэх агентлаг, Кристийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаад талархан;

Тахилгат газар нутгууд болон соёлын дурсгалт газрууд нь соёлын болон биологийн төрөл зүйлийг одоо ба ирээдүй үеийнхний тусын тулд хамгаалахад онцгой чухал гэж үзээд;

Олон тахилгат газрууд нь нутгийн уугуул иргэд болон орон нутгийн бүлэг, хамт олны оюун санааны хувьд өөдрөг сайн сайхан байдалд асар их ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрч;

Ялангуяа, даяарчлалын гомогенизац хийх буюу нэгэн ижил болгох бодлого явагдаж байгаа энэ үед соёлын болон биологийн олон төрөл зүйлийг дэмжин хамгаалах шаардлагатай болохыг тэмдэглээд;

Тахилгат газар нутгууд, соёлын дурсгалт газрууд хийгээд газар тариалан, ХАА-н уламжлалт тогтолцоог, тэднийг амилуулж илэрхийлсэн, өнөөдөр ч илэрхийлсээр байгаа соёлын асуудлыг авч үзэхгүйгээр, тэдгээрийг ойлгох, хадгалж хамгаалах, авч явах боломжгүй гэдгийг сануулж;

Төрөл зүйлүүд урьд өмнө байгаагүйгээр устаж үгүй болж байгаа байдал, бохирдол, цаг уурын өөрчлөлт, дэлхийн усны хомсдол, соёлын олон төрөл зүйлд учирч байгаа дарамт нөлөө зэрэг нь одоо ба ирээдүй хойч үеийнхний тусын тулд биологийн төрөл зүйл болоод цэвэр усны нөөцийг тогтвортой хадгалж хамгаалах ёс зүйн зарчмуудыг батлан гаргахыг зүй ёсоор шаардаж байгааг тэмдэглээд;

Соёлын болон биологийн төрөл зүйлийг хамтад нь хамгаалах нь соёлын болоод экологийн асуудалд аль алинд нь уян хатан хандах нөхцлийг бүрдүүлж байдгийг итгүүлэн ойлгуулж;

Тахилгат газар нутгийн хамагаалагч эзэд, биологийн болон соёлын олон төрлийг хадгалж хамгаалах үндэс суурь болсон уламжлалт мэдлэгийг тээгч- нутгийн уугуул иргэд, орон нутгийн бүлэг, хамт олны онцгой чухал үүрэг, ач холбогдлыг талархан хүлээн зөвшөөрч;

Нутгийн уугуул иргэдийн өөрийн газар нутаг дээрх эрх үүрэг, мэдлэгийг хүндэтгэн үздэг байхын чухлыг мөн тэмдэглээд;

Тахилгат газар нутаг болон соёлын дурсгалт газруудыг хамгаалахад оюун санаа, сүсэг бишрэлийн уламжлалт зан үйлүүд чухал үүрэгтэй болохыг сайшаан дэмжиж; Чуулга уулзалтаар хэлэлцэж байгаа асуудалд холбогдох доорхи олон улсын янз бүрийн байгууллагууд, баримт бичгүүд, хөтөлбөр стратеги, үйл ажиллагаа, мөн тэдгээрийг бүтээлчээр хэрэгжүүлэхийн чухлыг анхааралдаа авч; Үүнд ялангуяа,
  • Хүний эрхийн олон улсын хуулийн төсөл/1966/ 
  • Олон улсын ач холбогдолтой ус намгархаг газрын тухай Рамсарын Конвенци (1971) 
  • Дэлхийн өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн Конвенци (1972) 
  • Нутгийн уугуул болон отог омгийн ард иргэдийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1989 оны Конвенци (169) 
  • Хүрээлэн буй орчин ба хөгжил” сэдэвт НҮБ-ын Бага хурал (1992) 
  • ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн шим мандлын нөөц газрын Дэлхийн сүлжээний Севиллийн стратеги, (1996 он) 
  • Нутгийн уугуул иргэдийн асуудлаархи НҮБ-ын Байнгын чуулга уулзалтын тогтоол, (2000) 
  • Соёлын олон төрөл зүйлийн тухай ЮНЕСКО-гийн ТТунхаглал, (2001) 
  • Биет бус соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн Конвенци (2003) 
  • Олон улсын байгаль хамгаалах Холбооны Тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллын олон улсын тогтолцоо ба ОУБХХ-ны Дэлхийн паркуудын 5-р их хурлын үр дүн, (2003) 
  • “Дэлхийн хэмжээний ач холбогдол бүхий нутгийн газар тариалангийн өвийн тогтолцоо”-ны талаархи Хүнс, ХАА-н байгууллагын санаачлага 
  • Хүн, газрын менежмент ба экосистемийг хамгаалах тухай UNU-гийн санаачлага 
Үндэсний байгууллагууд, тусгай хамгаалалттай газар нутаг ба дурсгалт газруудынменежерүүд, нутгийн уугуул иргэд, орон нутгийн бүлэг, хамтолон, олон улсын байгууллагууд, төрийн ба төрийн бус байгууллагуудаас доор дурьдсан баримт бичгүүдээс аль хэрэгтэйг нь анхааран авч үзэж, хэрэгжүүлэхийг хүсч байна: 
  • Тахилгат газар нутгийн хамгаалалт болон менежментийн тухай ЮНЕСКО/ОУБХХ-ны Удирдамж 
  • Соёлын биет ба биет бус өвийг хамгаалах нэгдмэл хандлагын тухай Яматогийн Тунхаглал 
Ахуй амьдралд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, тухайн тахилгат газар нутаг, дурсгалт газруудын соёлын болон биологийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор байгалийн тахилгат газар нутгууд болон соёлын дурсгалт газруудын хамгаалагч эзэд нь болохын хувьд, нутгийн уугуул иргэд, орон нутгийн хамт олон бүлгүүдийн үүрэг нөлөөг хүндэтгэн дэмжиж байхыг Засгийн Газрууд, тусгай хамгаалалттай газар нутгийн менежерүүд, олон улсын тогтолцоо, төрийн болон төрийн бус байгууллага, бусад байгууллагуудаас мөн хүсч байна;

Байгалийн тахилгат газар, соёлын дурсгалт газар дээрхи соёлын болон биологийн төрөл зүйлийг хамгаалахад хамтын ажиллагаагаа хөгжүүлж, цаашид хамтран ажиллах болон харьцуулсан шинжилгээ судалгаагаар байгаль-соёлын харилцан үйлчлэлийг сайтар ойлгож мэдэхийг Засгийн Газар хоорондын болон төрийн бус байгууллагууд, шинжлэх ухааны салбаруудын хамт олон, хувийн хэвшлийнхнээс уриалж байна;

Байгалийн тахилгат газар нутаг, соёлын дурсгалт газруудын нэгдмэл хамгаалалтыг хангах зорилгоор 1972, 2003 оны Конвенцуудад орсон олон улсын тусламж олгох заалтуудад хамаарагдах хамгаалалтын арга хэмжээнүүдийг харилцан бэхжүүлэх асуудлаар тэдгээр Конвенцуудын хоорондын хамтын ажиллагааны механизм бий болгохыг ЮНЕСКО-гоод уламжилж байна;

Байгалийн тахилгат газар нутаг, соёлын дурсгалт газруудыг хамгаалах замаар Соёлын, хэлний болон биологийн олон төрөл зүйлийг хамгаалахад Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагууд, нутгийн уугуул иргэд, орон нутгийн хамт олон, бүлгүүдтэй, сайн дураар, урьдчилан өгсөн зөвшөөрлийг нь үндэслэн, тэдгээрийг бүрэн дүүрэн, үр бүтээлтэй оролцуулах замаар цаашид хамтран ажиллахыг Засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшлүүдээс мөн уриалж байна;

Нутгийн уугуул иргэд, орон нутгийн бүлэг, хамт олны тогтвортой амьжиргааг хангах хэрэгцээ шаардлагыг ойлгон дэмжиж, соёлууд болон дурсгалт газруудын түүхэн хөгжлийн явцыг хүлээн зөвшөөрч, янз бмэдлэгийн тогтолцоог анхааран үзэж хүндэтгэх болон ёс суртахууны, нийгмийн, техникийн, эдийн засгийн хэмжүүрүүдийг нэгдмэлээр хэрэглэх хандлагуудыг хөгжүүлэх эрмэлзэлтэй байна;

Засгийн газрууд, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, шашны байгууллагууд, уугуул нутгийн болон орон нутгийн бүлэг, хамт олноос байгалийн тахилгат газар нутгуудтай холбоотой шашны болон сүсэг бишрэлийн уламжлал, зан үйлийг хүндэтгэх тал дээр хамтран ажиллахыг, мөн тийм газруудыг эвдэж сүйтгэх, эрэмдэг зэрэмдэг болгохоос хамгаалахыг уриалж байна;

Уугуул иргэдийн байгалийн тахилгат газар нутаг болон соёлын дурсгалт газруудын хамгаалалтыг дэмжих үйл ажиллагаануудыг Дэлхийн уугуул иргэдийн олон улсын хоёр дахь 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт нэгтгэн оруулахыг санал болгож байна;

Чуулга уулзалтыг зохион байгуулагчид, түүнчлэн оролцогч бүх байгууллага, хувь хүмүүсээс энэхүү Тунхаглалыг өргөнөөр түгээн дэлгэрүүлэхэд онцгой хүчин чармайлт гаргахыг хүсч байна;

Зохих арга механизмуудыг ашиглан Чуулга уулзалтаас гаргасан Тунхаглалыг үр дүнд хүргэх, түүнчлэн байгалийн тахилгат газар нутаг болон соёлын дурсгалт газруудыг хамгаалах үйл ажиллагааны стратегийг боловсруулах асуудлыг авч үзэхийг эдгээр байгууллага, хүмүүсээс мөн уриалж байна;